2022 оны 8 сарын 17
18.4°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

Э.Чинбат: Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болдог

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Орон нутгийн замын хяналтын хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Чинбаатартай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Асуултаа эхлээд танай албанаас өрнүүлж байгаа “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ”  аяны талаар эхэлье гэж  бодлоо?

-Өдрийн мэнд. Манай албанаас зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд урилах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчилан таниулах зорилгоор энэ оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяныг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Энэ арга хэмжээнд ХЗДХяам, ЗТХЯ, ЭМЯ, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгийн газар, аймаг, дүүргийн цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага дэмжин оролцож байна.

-Тус аяныг иргэд жолооч нар маань хэрхэн хүлээн авч хэрхэн дэмжиж  байна?

-Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэд маш сайн хүлээж авч дэмжин өөрсдийн цахим хуудсанд байршуулж, бусдыг зөв үйлд уриалсан дуудсан сэтгэгдэл бичиж лайв хийн цахим орчинд идэвхитэй дэмжин хамтран ажиллаж байна.   

-Урин дулааны цаг эхэлж иргэд хөдөө орон нутаг руу ихээр зорчиж байна. Орон нутгийн замд гарч буй гэмт хэрэг, ослын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү?

-Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар 11910 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1382 нэгжээр буюу 15.8 хувиар өсч, үүнээс 10251 буюу 86.1 хувь нь нийслэлд, 1659 буюу 13.9 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 244 хүн амь насаа алдаж, 1333 хүн гэмтсэн. Үүнээс орон нутагт 202 хүн амь насаа алдаж, 524 хүн гэмтсэн байна.  Дээрх аян эхэлснээс хойш 14 хоногийн байдлаар орон нутагт зам тээврийн ослын улмаас 34 хүн амь насаа алдаж, 146 хүн гэмтсэн харамсалтай тоо мэдээ байна.

-Орон нутагт мотоциклийг их хэрэглэдэг. Энэ талаар иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл өгнө үү?

-Орон нутгийн иргэд нас, хүйс харгалзахгүй дөрөөнд хүрсэн хүн бүр стандарт, дүрэм журам баримтлахгүйгээр өдөр тутмын ажилдаа, малдаа явах, ахуйн хэрэглээндээ мотоциклыг өргөн хүрээтэй ашиглаж байгаа нь осолд холбогдож амь нас, эрүүл мэндээрээ хохирох нөхцөлийг бүрдүүлж байна.

Эхний хагас жилийн байдлаар орон нутагт мотоциклтой холбоотой 146 зам тээврийн ослын улмаас 51 хүн амь насаа алдаж, 87 хүн гэмтсэн байна. Цагдаагийн байгууллагаас мотоциклтой холбоотой осол, зөрчлийг бууруулах, замын хөдөлгөөнд оролцох зөв дадал хэвшлийг суулгах, хамгаалах малгайн хэрэглээг нэмэгдүүлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр үе шаттайгаар ажил, арга хэмжээ зохион байгуулан ажилласаар байгаа бөгөөд малчин иргэдэд мал маллахдаа аль болох мотоцикл ашиглахгүй, уламжлалт адуу малаа унаж, хэрэглэх уриалга гарган, түгээх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

-Улсын хэмжээнд гарч буй зам тээврийн гэмт хэрэг, ослын шалтгаан нөхцөл нь юу байна вэ?

-Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 11910 зам тээврийн ослын 11664 буюу 97.9 хувийг жолоочийн буруутай үйлдлээс, 16 буюу 0.1 хувийг замын нөхцөлөөс, 230 буюу 2.0 хувийг явган болон унадаг дугуйтай хүний буруутай үйлдлээс шалтгаалсан осол эзэлж байна. Жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан зам тээврийн ослын дийлэнх хувийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон /671/, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох /1146/, зөвшөөрөгдөх дээд хурд хэтрүүлэх /379/, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийх /81/, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох /43/, 10 хүртэлх насны хүүхдийг буруу тээвэрлэх, харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулах, хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлаа биеэр шалгадаггүй зэргээс шалтгаалсан ослууд дийлэнх хувийг эзэлж байна.

Мөн орон нутаг руу зорчиж байгаа иргэд маань тухайн зорчиж байгаа замаар байнга явдаггүй учраас автозамын эвдрэл гэмтэл, эргэлт тойруу, даваа гүвээ зэргийг мэдэхгүй, тооцоолохгүйгээр хурд хэтрүүлэх, олон цагаар тасралтгүй жолоо барьснаас шалтгаалан ядарч, зүүрмэглэх, мөн батлагдсан зам маршрутаас гарч үер усны аюулд өртөх, төөрөх зэрэг шалтгаануудаас болж гэр бүл, хайртай хүмүүсээ эрсдэлд оруулж байна.

-Иргэд орон нутгийн замд аюулгүй байдлаа хэрхэн хангаж зорчих талаар зөвлөгөө өгнө үү?

-Урин дулааны цаг эхэлж хөдөө, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэд жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, гүйцэж түрүүлэх үйлдэл хийдээ хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, үзэгдэх орчин хангалтгүй үед гэрлээ шилжүүлэх, батлагдсан гүүрэн байгууламж, зам, маршрутаас гарахгүй аялж зугаалах шаардлагатай байна.

Мөн бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах, жолооч зорчигч нар хамгаалах бүсийг тогтмол хэрэглэх, мотоцикл хэрэглэж байгаа бол хамгаалах малгай өмсөх, зайлшгүй зогсолт хийсэн жолооч зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсох, нойрмог, ядарсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх арга хэмжээ авах болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, журам, стандартыг мөрдөж, хөдөлгөөндөө дэг журамтай, соёлтой оролцохыг нийт иргэд, жолооч нартаа УРИАЛЖ, АНХААРУУЛЖ байна.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа та бүгдийн цаашдын ажилд амжилт хүсье. Сайхан наадаарай. Төгсгөлд нь “ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” гээд уриалга хэлчихье. Замын хөдөлгөөний дүрэм бол амьдралын дүрэм шүү…

About Post Author