2022 оны 8 сарын 11
19.5°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

ЭЕШ-ыг IV сургуулийн хичээлийн I байранд зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна 

Энэ долоо хоногийн аймгийн Засаг даргын шуурхай хуралдааныг Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, М.Түмэнжаргал нар удирдан явууллаа. Шуурхайн эхэнд орлогч М.Түмэнжаргал Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүлэв. Өнөөдөр Монгол Улсад Онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд шилжсэний 18 жилийн ойн өдөр тохиож байгаа билээ.       Мөн энэ сарын 15-17-нд  Сэлэнгэ аймагт зохион байгуулсан “Гал унтраах техникийн спортын олон төрөлт” улсын аварга шалгаруулах тэмцээнд аймгийн Онцгой байдлын газрын баг бүрэлдэхүүн оролцож улсын хэмжээнд хоёрдугаар байр эзэлсэнд Засаг дарга С.Батжаргал болон ЗДТГ-ын хамт олны өмнөөс баяр хүргэж, амжилт хүслээ.

 Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэн суралцах хүсэлтэй иргэдээс авах  Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын 23-26-нд зохион байгуулахтай холбогдуулан аймгийн хэмжээнд ЭЕШ-ыг зохион байгуулах бэлтгэл хангахыг холбогдох газруудад  өнгөрсөн долоо хоногийн шуурхай дээр үүрэг болгосон. Үүнтэй холбоотойгоор ЭЕШ-ыг Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн хичээлийн нэгдүгээр байранд зохион байгуулж, шалгалтын төв байрны аюулгүй байдлыг хангах, шалгалтын материалын нууцлалыг хамгаалах, хэв журмыг сахиулах, эрчим хүч, цэвэр, бохир усны саатал гаргахгүй байх, цахилгаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангах гэх мэт бэлтгэл ажлыг хангаж байна.
      Мөн Жаргалант сумаас ирж буй шалгуулагчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс эцэг, эх, сургууль, шалгуулагчдын гурвалсан гэрээ байгуулах, сурагчдын ирж очих унаа, зам тээврийн аюулгүй байдлыг хангах, шалгалт өгөх хугацаанд байрлах байр, аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгслээр зорчуулах, анги танхимын цэвэрлэгээ, үйлчилгээ зэрэг ажлуудыг хийж гүйцэтгүүлэхээр холбогдох байгууллагуудад чиглэл өгч хамтран ажиллахаар бэлтгэл хангаж  байна гэж  ЗДТГ-ын  Хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга М.Жанболат үүрэг даалгаврын биелэлтийг  танилцууллаа.  

About Post Author