2022 оны 8 сарын 11
19.5°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

Х. Одбаяр: Хэргийн газрыг орхиж явна гэдэг нь санаандгүй үйлдсэн хэргийг санаатай болгож хувиргадаг эрстэлтэй

Зургаан настай хүүхдийг явган хүний гарц дээр мөргөөд, орхиод явсан хэрэг гарчээ

Өнгөрсөн амралтын өдөр Баян-Өндөр сумын Захиргааны -2 дугаар байрны урд байрлах зохицуулгалгүй явган хүний гарц дээр бага насны хүүхдийг мөргөөд явсан хэрэг гарсан. Энэ тухай Эрдэнэт зар дээр зургаан настай хүүхдийн ээж бичсэн нь олон нийтэд хүрсэн юм. Тиймээс энэ хэргийн талаар аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга Х. Одбаяраас тодрууллаа.

Тухайн өдөр юу болсон бэ?

Өчигдөр буюу 2022 оны 6 сарын 12-ны өдөр 13 цаг 50 минутад Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу хэрэг болсон газар очоод үзэхэд 6 настай хүүхдийг цагаан өнгийн ноймор дугаар нь тодорхойгүй автомашин мөргөж, осол хэргийн газрыг орхиж явсан байсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас яаралтай эрэн сурвалжилж, камер шүүж, холбогдох гэрчүүдийн мэдээллийг цуглуулж шуурхай ажилласны үндсэн дээр автомашиныг олж тогтоосон. Орхон аймаг дээр бүртгэлтэй цагаан өнгийн санота-6 маркийн авто машин байсан.

Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал ямар байгаа вэ?

Хүүхдийн эгэмний яс хугарсан, сэтгэл санааны хямралтай байгаа. Эмнэлгийн анхны тусламж авсан. Зам тээврийн осол дээр эд материалын хохирол ч бай, хүн гэмтсэн осол гарсан л бол жолооч хүн замын аюулгүй байдлын дүрмээрээ Цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл үүргээ биелүүлэхгүй ийнхүү орхиж явж байгаа нь тухайн зам тээврийн ослыг санаатай болгож хувиргадаг онцлогтой. Ер нь зам тээврийн осол санамсар болгоомжгүйгээс болж гардаг хэрэг байдаг. Гэтэл үүргээ биелүүлэхгүй зам тээврийн ослын газрыг орхиж явж байгаа энэ үйлдэл нь санаатай үйлдэл болж хувирдаг гэдгийг дахин хэлье. Мөн тэр осол хэрэгт холбогдсон хүүхэд ч бай том хүнч бай эмнэлгийн анхны тусламж аваагүйгээс болоод амь эрстсэн бол илүү том асуудлууд үүсдэг байгаа. Зам тээврийн ослын шалтгаан, нуруу нугасны гэмтэл тэр дороо илэрч гардаггүй сөрөг үр дагавартай байдаг.

 Энэ мэтчилэн зам тээврийн ослын хэрэг он гарсаар хэд бүртгэгдсэн бэ?

 Өнгөрсөн долоо хоногийн 5 дахь өдөр ч мөн манай аймагт өдрийн цагаар энэ төрлийн гэмт хэрэг гарсан. Мөн аймгийн Цагдаагийн тасаг шуурхай ажиллаж жолоочийг олсон. Өмнөх оны статистик тоо баримтаас харахад өнгөрсөн 2021 онд 15 хүүхэд зам тээврийн осолд өртсөн ба энэ 15 хүүхэд бүгд явган хүний гарцаар гарч байгаад осолд өртсөн байдаг. Иймээс сургууль цэцэрлэг амарсан энэ үед хүүхдүүд байрны гадаа тоглох зэрэг байдлаас улбаалан зам тээврийн осолд өртөх хэрэг нэмэгдэх хандлагатай. Тиймээс эцэг эхчүүд хүүхэд дээрээ тавих хараа хяналтаа сайжруулах  шаардлагатай. Мөн зохицуулгагүй явган хүний гарц дээр ойртон ирж байгаа жолооч хурдаа хасаад явган зорчигчид зам тавьж өгч хүлээцтэй хандах хэрэгтэй. Үүргээ сайн биелүүлэх хэрэгтэй.

About Post Author