2022 оны 8 сарын 11
19.7°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

ХОЖИГДОЖ ИРДЭГ ҮҮРЭГ ДААЛГАВАР

Өнгөрсөн амралтын өдөр Орхон аймагт бүх нийтээр мод тарих ажил өрнөсөн.
Аймгийн хэмжээнд нийт 53800 гаруй мод, бут сөөг тарьжээ. Үүний 44.7 мянган мод, бут сөөгийг Баян-Өндөр сум, 9100 гаруй мод, бут сөөгийг Жаргалант сум тарьсан байна.
Орхон аймаг “Тэрбум мод” үндэсний хүрээнд аймгийн хэмжээнд 2030 он хүртэл 20 сая мод тарих төлөвлөгөө болон байршлын тойм зураг гаргасан шат дараатай үйл ажиллагаагаа явуулж байгаа. 2021 онд 153400 гаруй мод, бут сөөг тарьсан нь хамгийн их мод тарьсан аймгаар шалгарсан байдаг.

Гэвч тарьсан модоо ургуулах, арчлах тал дээр одоог хүртэл ямар нэг төлөвлөгөө байхгүй байгаа нь харамсалтай. Учир нь энэ 7 хоногийн аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр аймгийн Засаг даргын орлогч тарьсан модоо ургуулах арчлах тал дээр төлөвлөгөө боловсруулж ажиллах үүрэг өгсөн юм. Энэ модоо услах систем байхгүй гэсэн үг. Бүтээн байгуулалт хийхээсээ өмнө төлөвлөдөггүй, хийснийхээ дараа төсөв мөнгө зарцуулан алдаагаа засдаг заншил Орхон аймагт тогтоод удаж байна.

Үүний нэг жишээ бол “Уурхайчин-1” хороолол юм. Тус хороолол 2021 онд ашиглалтад орсон. 300-н айлын орон сууц. Энэхүү төслийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас уурхайчдадаа дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа. Цаашдаа Уурхайчин-2, Уурхайчин-3 орон сууц ашиглалтад орно. Энэхүү хорооллуудыг дэд бүтцээр хангах зорилгоор зам засварын ажлыг 2020 онд хийх ёстой байсан ч гүйцэтгэгч компаний зарим асуудлаас улбаалан энэ жил хийж эхэлсэн. Ингэхдээ “Уурхайчин-1” хорооллоос 200 метр хүрэхгүй зайд бутлуурын үйлдвэр байгуулан чулуу буталж, элс шороогоо зөөвөрлөж байгаа нь тус хорооллын оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг шууд зөрчиж байна. Иргэд энд зам тавигдаж сайхан замтай болно гэсэн сэтгэлээр 2 сарыг нарийн ширхэгтэй тоосон дунд амьдарч байна.

Мөн Тавин лан компани өнгөрсөн онд шугамын шинэчлэлийн ажил хийх хугацаандаа аймгийн ногоон байгууламжийг сүйтгэж, бут сөөгийг ухсан. Ажил нь хүн хүчний хомстлоос улбаалан удааширч, хүйтний эрч чангарахаас өмнө Орхон аймгийн нэг, хоёрдугаар хорооллын иргэдийг халуун устай болгосон ч, нөхөн сэргээлтийн ажил оны дараа хийгдэхээр хойшилсон.
Бүх юм дууссаны дараа ногоон байгууламж нөхөн сэргээх, зам засвар, явган хүний зам зэрэг ажлыг яаралтай хийж дуусгах нэрээр чанаргүй хийж, иргэдийг хохироосоор байгаа нь харамсалтай.
Дээрх жишээнүүд нь зөвхөн өнгөрсөн нэг жилд хийгдсэн ажлын тал нь. Өнгөрсөн жилүүдийн ажлаас бидний мэдэж байгаагаар 2016 онд баригдсан “Хөх Монгол” цогцолборын үйл ажиллагаа доголдож, ашиг олох гэхээсээ илүү аймгийн төсвөөс зарлага гаргаж татан буулгасан. Цогцолборыг дахин засварлахаар болж иргэдээс санал авч эхэлсэн. Энэ мэтчилэн алдаатай, уялдаагүй шийдвэрүүдээс болж, төсвийн мөнгө ч ашиггүй үргэдсээр байна.

About Post Author