2022 оны 8 сарын 11
19.6°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

Тогтвортой хөгжлийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх чуулга уулзалт боллоо

Ургамал амьтан, хөрс ус гээд байгалийн баялгийг хэрхэн зөв зохистой ашиглах, хайрлан хамгаалах нь хүн төрөлхтний өмнө тулгамдсан томоохон сорилт болоод байна. Тиймээс дэлхий дахинд болж байгаа томоохон хурал цуглаан, хамтын санаачилга бүр дээр энэ сэдвээр тогтож ярьдаг болсон.

Монгол Улс ч энэ чиг хандлагын дагуу урт болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөртөө тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх талаар тусгасан байдаг. Засгийн газраас тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх эхний жилүүдтэй зэрэгцэн нэг чухал төсөл хэрэгжиж байгаа нь “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төсөл юм.

Энэхүү төсөл 2019 онд эхэлсэн бөгөөд хоёр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, ирэх жилүүдэд хэрхэн ажиллахаа ярилцах зорилготой үндэсний чуулганы нээлтийг Орхон аймагт хийж, салбар хэлэлцүүлэн болон түшиц сургуулиудын хийж хэрэгжүүлсэн ажилтай танилцах үзэсгэлэн зэргийг Булган аймгийн Хялганат тосгонд зохион байгууллаа.

Чуулганд ТХБ-II төслийн үндэсний зөвлөн зохицуулах багийн гишүүн БШУЯ, БОАЖЯ, МУБИС, Боловсролын үндэсний төв, Боловсролын Ерөнхий газар, МҮОНРТ, тогтвортой хөгжлийн төлөөх “Амгалан дэлхий” ТББ болон төсөл хэрэгжиж байгаа зорилтот зургаан аймаг болох Архангай, Булган, Орхон, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймаг, нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн төлөөлөл, төслийн загвар 30 сургуулийн багш, сурагчдын төлөөлөл нийт 300 гаруй төлөөлөгч оролцсон.

“Тогтвортой хөгжлийн боловсрол II” төсөл хэрэгжиж байгаа сургуулийн бүх сурагчид, тэнд ажиллаж байгаа багш ажилчид тогтвортой хөгжлийн талаарх ойлголт мэдээлэлтэй болохоос гадна ямар нэгэн тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлох, хэрхэн шийдвэрлэх арга замд суралцаж байгаа нь чухал. Тогтвортой хөгжлийн боловсрол хоёр төслийн хүрээнд сургуулиудын хийж хэрэгжүүлж байгаа санаачлагыг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлсэн тохиолдлууд олон гарсан байна. Ийнхүү сургуулиас сургуульд, сургуулиас орон нутагт сайн туршлагуудаа хуваалцснаар үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг зорион байгуулагчид хэлж байлаа.

Үүнээс гадна хувьсан өөрчлөгдөж байгаа боловсролын чиг хандлагатай багш нар хэрхэн нийцэж ажиллах, залуучуудад итгэл хүлээлгэх, үүрэг хариуцлагыг нь үүрүүлэх тухай ч энэ чуулганы үер ярилцсан. Ингээд чуулганыг Тогтвортой хөгжлийн боловсрол II төслийн Үндэсний зөвлөн зохиуцуулах багийн гишүүд хэрхэн дүгнэж байгааг уншигчиддаа хүргэе

Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн үндэсний зохицуулагч: А.Энхтогтох: –ТХБ-II төсөл үндэсний хэмжээнд чуулга уулзалтаа хоёр дахь жилдээ зохион байгууллаа. 2021 оны цахим чуулганаар бид оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг голлон анхаарч байсан бол энэ жил түншлэл, хамтын ажиллагаа, оролцоог эрчимжүүлэх тал дээр түлхүү анхаарч байна. Тиймээс оролцогчид, сургуулиуд бие биеэсээ туршлага судлах, сургуульдаа нэвтрүүлэх, аймгийнхаа бусад сургуулиудад түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна. Үндэсний чуулганыг танхим, зочид буудалд зохион байгуулаагүй учир нь энэ бүтээсэн болгоныг төлөөлөгчдөд нүдээр үзүүлэх, бодитоор танилцуулах зорилготой. Тиймээс ч чуулганы хоёр дахь өдөр үндсэн хэлэлцүүлгүүдээ ТХБ-II төслийн загвар 30 сургуулийн нэг Булган аймгийн Хялганат тосгоны ЕБС-ийн хичээлийн танхимд, мөн тус сургуулийн төслийн хүрээнд байгуулсан “Эко зуслан” сургалт судалгааны төв дээр хийж байна. Хичээлийн сургалтыг танхимаас гаргах санал санаачлагыг бодитой ажил хэрэг болгож буй туршлагыг энэ төрөлжүүлсэн, гүнзгийрүүлсэн сургалттай эко зуслангаас судалж болно.  

ТХБ төсөл загвар сургуулиудад жижиг төслөө хэрэгжүүлэхэд нь тус бүр 7.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг. Үүн дээр орон нутаг мөн хэмжээний санхүүжилт олгодог.

“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн зөвлөх Д.Хишигбуян: –Үндэсний чуулганы бага чуулган олон талыг оролцуулсан 5 салбар бүлэг хуралдаанаар үргэлжилж саналаа нэгтгэлээ. Цаашид ТХБ-ыг бодлогод хэрхэн тусгаж үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,  багшийг ТХБ-ын чиглэлээр чадавхжуулахад ямар дэмжлэг үзүүлэх, залуучуудын оролцоог яаж хангах, суралцахуйн хувирган өөрчлөлтийг хэрхэн хийх гээд гэсэн сэдвүүдийг сонгож авч хэлэлцлээ.  Хэлэлцүүлгийн гол үр дүнд ТХБ-II төслийн хүрээнд ямар боломжууд бий болов, бид юунд хүрэв, цаашид бид олон чиглэлээр ТХБ-ыг монгол улсад дэмжин хөгжүүлэхэд юу хийх, яаж дэмжиж ажиллахаа ярилцлаа.

Монгол Улс ТХБ-ын зорилго, зорилтыг үндэснийхээ бодлогод баттай суулгаж чадсан нь бидний гол боломж.  Өнөөдөр энэ бодлогыг хэрэгжүүлэх үйл явцад ТХБ-II төсөл хувь нэмрээ оруулсан. Үүний жишээ нь бид өөрсдөө бодлогын түвшиндээ олон зүйлийг хийсэн. Орон нутгийн түвшинд загвар 30 сургуулийн жижиг төслөөр дамжуулан ТХБ-ыг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх, багшийн үйл ажиллагаанд, хүүхдүүдийн сургалтанд яаж оруулах тал дээр өнгөрсөн хоёр жилд бодитой ажил өрнүүлж туршлага хуримтлууллаа. Одоо энэ туршлагаа гүнзгийрүүлж, түгээн дэлгэрүүлж сурталчилмаар байна. Үүний тулд орон нутагт түншлэл хамтын ажиллагаагаа сайжруулъя гэсэн саналууд гарч байна. Багш нар бусад сургуульд ментор хийх түвшинд хүрсэн, ийм чадвартай болсон гэдгээ илэрхийлж байна.             

Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийг орон нутагт хэрэгжүүлэгч БОМСТ ТББ-ын гүйцэтгэх захирал  Э.Шинэцэцэг: –ТХБ-II төсөл 6 аймаг, 2 дүүргийн ЕБ-ын 30 загвар сургууль дээр хэрэгжиж байна. Сургуулиуд анх төсөл хэрэгжүүлэхдээ сургууль өөрөө  бүхлээрээ өөрчлөгдөхийг хүсэж байна уу гэдгээ өөрийн үнэлгээгээр тодорхойлсон. Эндээс жижиг төслийн ажил эхэлдэг. Тэд өөрийн үнэлгээгээр сургууль дээрээ, орон нутагт тулгамдсан асуудлуудаа илрүүлж гаргаж ирсэн. 30 сургуулийн үнэлгээнд нийт 15 000 орчим хүн оролцсон байдаг. Дараа нь энэ асуудлуудыг өөрчлөхийн тулд юу хийх вэ гэдгээ мөн сургуулийн баг хамтаараа орон нутагтайгаа хэлэлцсэн. Ингэж асуудлыг шийдэх, өөрчлөх тэдний төлөвлөгөө, шинэ санааг ТХБ төсөл дэмжиж жижиг санхүүжилт олгосон. Бидний өгч байгаа хөрөнгө өчүүхэн жижиг хэсэг болохоор бид жижиг төсөл гэж яриад байгаа хэрэг.

Тухайлбал Архангай аймгийн Батцэнгэл нь сум даяараа халуун усны асуудалтай. Энэ нөхцөл байдал дотуур байрны хүүхдүүдийн хувийн ариун цэврээс эхлээд олон асуудалд нөлөөлөх хүчин зүйл болж байгаа юм. Тус сумын сургууль энэ асуудлыг гаргаж тавьснаар шийдэх санхүүжилтээ ТХБ төслөөс авсан. Үүгээрээ бид асуудлыг шийдэх эхлэлийг тавья, арга зүй, аргачлалыг өгье, түншлэх гарааг эхлүүлье гэж байгаа юм. Бидний өгсөн багахан мөнгө, тэр арга аргачлал 100 сая, 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг бий болгох боломжтой. Энэ бол ТХБ-ын зохих чадварууд. Хүнтэй харилцах, хамтрах, бие дааж үйл ажиллагаа явуулах чадвартай байхад ямар ч асуудлыг эерэгээр, зөвөөр шийдэх чадвартай болж байгаа гэсэн үг. Энэ нь бидний бий болгох гээд байгаа ТХБ юм.  

Сургуулиуд менежмент, удирдлагуудын түвшиндээ ТХБ-ыг тодорхой хэмжээгээр сураад явж байна. Одоо орон нутаг энэ сургуулиудын зарчим, менежментийг бусад сургуульд нэвтрүүлж,  нутагшуулж өгмөөр байна. Аймаг бүр цаашдаа яах вэ гэдгээ төлөвлөж буй.  

Чуулган Хялганатын сургуулийн эко зуслан дээр үргэлжилж байгаа нь төлөөлөгчид, оролцогчдод барьцах хүсэл мөрөөдлийг төрүүлж, бид ч гэсэн энэ хүрч болох юм байна гэдэг мөрөөдлийг асааж байна.   

Өнгөрсөн хоёр жил ковидын цаг хугацаатай нүүр тулсан учраас ТХБ-II төслийн төлөвлөсөн ажлууд амжсан нь ч байна, амжаагүй ч бий. Тиймээс төслийн үнэлгээний багийнханд ажлаа бүрэн дуусгах боломжийг олгоё гээд ТХБ төслийг 1 жил сунгалаа.        

About Post Author