Улсын төсвийн 2,5 тэрбум төгрөгийн өртгөөр 60 иргэнд 6х20м хэмжээтэй орчин үеийн технологийн шаардлагыг хангасан, услалтын систем бүхий нийлэг хальсан хүлэмжийн батламжийг гардуулан өгөх үйл ажиллагаа өнөөдөр Жаргалант суманд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөн, аймгийн өрхийн тариалалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажил бөгөөд дээрх 60 иргэнийг шалгаруулахдаа байгаль орчин хөдөө аж ахуйн салбарт хувь нэмрээ оруулж буй тариаланчдыг сонгохоор шийдвэрлэжээ.
Ингэхдээ нийт 60 хүлэмжээс 10 хүлэмжийг мод үржүүлгийн газруудад, 50 хүлэмжийг өрхийн тариалалт эрхэлдэг иргэдэд олгосон байна. Ингэснээр хүнсний аюулгүй байдал хангагдах, мод үрсэлгээний нөөц бүрдүүлэлт хийгдэх ач холбогдолтой ажээ.
Тус нийлэг хальсан хүлэмжийг иргэдэд гэрээгээр олгож байгаа бөгөөд тухайн иргэн Орхон аймгийн харьяат, өөрийн гэсэн газартай, хөдөө аж ахуй, үр тариа, мод үржүүлгийн мэдлэгтэй байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой. Мөн гэрээнд заагдсан хаяганд тус хүлэмжийг барьж ашиглах бөгөөд бусдад шилжүүлэх зэрэг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол төлбөрийг барагдуулах шаардлагатай гэдгийг албаныхан анхааруулж байна.
Аймгийн хэмжээнд ХХААГ, БОАЖГ, Баян-Өндөр сум, Жаргалант суманд хүлэмж хүссэн өргөдөл өгсөн нийт 160 орчим иргэдээс сонгон дээрх 60 иргэний хүсэлтийг ийнхүү шийдвэрлэжээ. Ирэх намар дахин 90 хүлэмж манай аймагт ирэх бөгөөд үлдсэн иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх боломжтой талаар аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал ярьж байлаа.
Хамааралтай мэдээ
Баяр наадмын өдрүүдэд иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн гурван чиглэлд түр маршрут баталлаа
Орхон аймгийн баяр наадмын хөтөлбөр
Тугалчин бор хүүгийн мөрөөдөл биелжээ