2022 оны 8 сарын 11
19.6°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

Нийтийн тээврээр үйлчлүүлж үзээгүй хүн

22 жил тэргэнцэр дээр суух хугацаандаа нийтийн тээврээр нэгч үйлчлүүлж үзээгүй

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэр тусмаа тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэн нийтийн тээврээр үйлчлүүлэх болон нийгмийн харилцаанд ороход тулгамддаг асуудлын талаар онцлон сурвалжиллаа.
Н.Зоригтбаатар 1977 онд Булган аймагт төрсөн. 1996 онд Ахлагчийн сургуульд суралцаж Хуягт Танкийн механикч мэргэжил эзэмшиж Орхон аймгийн 86-р ангид хуваарилагдсан байна. Тэрээр 22 жилийн өмнө машины ослын улмаас нуруу болон нугасандаа гэмтэл авч тулгуур эрхтний бэрхшээлтэй болжээ. Н.Зоригтбаатар Говил багт амьдраад 27-н жил болж байгаа юм. Тулгуур эрхтэн, нуруу, нугасны гэмтэлтэй учраас нийгмийн харилцаанд бие даан оролцоход хүндрэлтэй зүйл олон байдаг байна. Тэрээр гэрээсээ гараад л бэрхшээлүүдтэй тулгарч эхэлдэг. Дэд бүтэц хөгжөөгүй тул эвдэрхий цементэн зам түүнийг угтаж байдаг нь илт харагдаж байлаа. Тэргэнцэртэй хүн явах нь байтугай энгийн хүн явахад хүндрэлтэй, энд тэнд ухаад орхисон овоолсон шороо байх бөгөөд машин зам нь эвдэрч, том том нүх, зам түрж овоорч гарч ирсэн шороогоор дүүрсэн байлаа.
Тиймээс тэрээр саяхан тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэн унахад зориулагдсан машин авсан хэдий ч унаж яваа машинаа зогсоолд тавьж, бууж суухад асуудалтай байдаг байна. Учир нь үйлчилгээний төв болон төрийн байгууллагуудын гаднах талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан машины зогсоол байдаггүй. Автомашины зогсоолын хувьд тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тэмдэг тэмдэглэгээтэй байх ёстой бөгөөд зогсоол нь өргөн байх шаардлагатай, өөр жолооч тухайн зогсоол дээр машинаа байршуулахгүй, шахаж зогсохгүй байх дүрэмтэй. Гэтэл энэхүү стандартыг Монгол баримталдаг, хэрэгжүүлдэг газар байхгүй. Гэтэл тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэн машинаасаа бууж, тэргэнцэр дээрээ сууж эргэхэд өргөн талбай зайлшгүй шаардлагатай болдог байна. Амьдарч байгаа орчин нь түүнийг нийгмийн харилцаанд ороход ийнхүү саад ихтэй байдаг тул тэрээр хувийн туслах үйлчилгээнд хамрагджээ. Биднийг гэрт нь очиход хувийн туслах нь ирчихсэн тэр 2 гарахад бэлэн болцон хүлээж байсан юм. Бид эхлээд ойрхноор нь багийн төв орлоо. Багийн төв гаднаа налуу шаттай тул Н.Зоригтбаатарыг ороход хүндрэл бага байсан. Гэвч шатаа гантиг чулуугаар хийсэн нь өвөл цас орсны дараа халтиргаа үүсэж асуудал гардаг байна. Говил баг өнгөрсөн жил лифттэй 5 давхар шинэ багийн төвтэй болсон тул Н.Зоригтбаатарт багийн үйлчилгээ авахад хялбар болсон байна. Багийн төвөөс гараад холгүйхэн түүний хөнгөлөлттэй эм авдаг эмийн сан байдаг байна. Эмийн сангийн урд тал налуу шаттай хэдий ч орох хаалга нь нарийхан, босго нь өндөр учир тэргэнцэртэй хүн ганцаараа ороход маш хүндрэлтэй байсан юм. Мөн нуруу, нугасны гэмтэлтэй хүн доргилт авч болохгүй. Гэтэл өндөр босгыг давж гарахад газар хүчтэй буухаас өөр арга байсангүй. Цаашлаад бид Говил багийн Төрийн банкны салбар орсон юм. Н.Зоригтбаатар энэ банкаар үйлчлүүлээд олон жил болж байгаа. Нэг удаа нарийхан хаалгаар нь багтахгүй чихэж байгаад өндөр босгоор нь буухдаа тэргэнцрийнхээ шааргийг нурааж, биед эвтэйхэн хөнгөн тэргээ эвдэлчихсэн байна. Түүнээс хойш банкаар үйлчлүүлэхдээ их айдаг болсон хэмээн ярьсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих ёстой ч Н.Зоригтбаатарын хувьд 22 жилийн хугацаанд нэг ч удаа үйлчлүүлж үзээгүй. Учир нь нийтийн тээврийн шат маш өндөр бөгөөд хаалга нь нарийхан учир тэргэнцэртэй хүн багтахгүй. Н.Зоригтбаатарын хувьд гэртэйгээ ойрхон энэ гурван байгууллагаар үйлчлүүлэх замдаа л нуруундаа хөнгөн болон хүнд олон доргилтыг авсаар байдаг. Хотын төврүү орж үйлчилгээ авахын тулд зөвхөн унааны зардалд 10-20 мянган төгрөгийг зарцуулдаг учир зайлшгүй шаардлагатай үед л хотын төврүү ордог аж. Хотын төвд болж буй үйл ажиллагаанд оролцох хүсэл байдаг хэдий ч дээрх шалтгааны улмаас хоцордог байна. Ажил хийх чин хүсэл байдаг хэдий ч ажилд авах байгууллага олддоггүй. Ажилд орлоо ч гэр хол, оройдоо таксины үнэ нэмэгддэг тул таксины зардалд таардаг байна. Гэхдээ Н.Зоригтбаатарын хувьд зүгээр суух хүсэл байхгүй хувиараа ч болтугай худалдаа эрхлэх, ямар нэг өөрт таарсан ажил хийхээр судалж байгаа юм.
Тэрэг гэдэг бол тулгуур эрхтний бэрхшээлтэй хүний хувьд гутал гэсэн үг, хөлд эвгүй гутал өмсөх ямар байдаг билээ. Өөрт тохироогүй тэргэн дээр суух тийм л мэдрэмжийг өгдөг хэмээн Н.Зоригтбаатар ярьсан юм.

About Post Author