2022 оны 8 сарын 11
19.6°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

М. Болормаа : Инээвэл инээдээ буцааж авна шүү

М. Болормаа 'Болор импекс' компаний захирал

Та бүгдийн цалинг хэрэглэгч маань өгч байгаа гэдгийг сайн ойлгоорой

Улаанбаатар хотод тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, Эрдэнэт хотод салбараа нээгээд удаагүй байгаа “Мөнхийн болор” болон “Болор катеринг”-ийн захирал Болормаатай ярилцлаа.

Захирал хүн бол чиглүүлэгч хүн, цалин өгдөн хүн биш. Та нарийн цалинг би өгдөггүй, манайхаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нар өгдөг. Тиймээс үйлчлүүлэгч нартайгаа соёлтой, хүндэтгэлтэй, сэтгэлээсээ хандаж байгаарай гэж ажилчдадаа хэлдэг юм. Ер нь ажилчин жаргалтай байвал тэр хүний ажлын бүтээмж өндөр, хийж байгаа хоол нь амттай, чанартай байна. Ажилчин ямар үед жаргалтай байдаг вэ гэвэл ар гэр нь амар тайван, эрүүл энх байх үед жаргалтай байдаг. Байгууллагын үнэт зүйл нь ажилчин гэж хардаг хэмээн манай оролцогч ярьсан нь сэтгэлд үлджээ.

  • Сайн байна уу та? Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
  • Намайг Мөнхмагнайгийн Болормаа гэдэг. 10 жилээ залуу техникчдийн ордонд явж дүүрэгсэн. Тэнд  хоол технологи, хувцас загвар зэрэг мэргэжлээр мэргэшүүлдэг байсан. Тэр сургуулийг төгссөн хүүхэд ТИС-ийг хоёр жил гүнзгийрүүлж сураад төгсөх боломжтой. Тийм сургууль байдаг байсан юм. Өөрийнхөө хоол хийх сонирхолдоо хөтлөгдөн хоолны технологиор  тэр сургуульд сурдаг байсан. 10 жилээ төгсөөд Хятад улсад Хууль эрх зүйгээр суралцаж амжилттай төгөссөн. Хоёр том гүрний дунд амьдарч байгаа тул өөрсдийн мах болон хүнсээ экспортод гаргах боломжтой учир хэл сурах, мэдлэгээ тэлэх зорилгоор Хятад сурсан. Цаашлаад Австрали, Япон, Герман зэрэг улсад мэргэжлээ дээшлүүлсэн.
  • Хоолны чиглэлээр гүнзгийрүүлж мэргэшээгүй хэрнээ яагаад хоолны салбарт ажиллахаар шийдсэн бэ?
  • “Мөнхийн болор” компани нь гэр бүлийн компани. Манай эцэг эх 2 үүсгэн байгуулсан 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.  “Болор импекс” нь “Мөнхийн болор” компаниас салбарласан. Хүнсн, гадаад дотоодын худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2017 оноос “Болор катеринг”  явуулын ресторан үйл ажиллагаа эхэлсэн. Анх 2013 онд Герман улсад ажиллаж байхдаа явуулын рестораны санааг бодож олсон. Германчууд мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хажуугаар катерингийн үйлчилгээг их  үзүүлдэг. Үүнээс нь санаа авсан. Гадаадад суралцсаны давуу тал нь бусад орны бизнесийн соёл, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа гаргалгаа, менежментийг нь судалж Монголдоо хэрэгжүүлж байгаа явдал юм.
  • Эрдэнэт хотод яагаад салбараа нээхээр болсон бэ?
  • “Болор импекс” кампаний хувьд Улаанбаатар хотод үйлдвэртэй, катерингийн 2 салбартай. Хүмүүсийн хэрэгцээг үндэслээд 21 аймагт салбартай болох зорилгоор төсөл боловсруулсан. Үүний нэг нь Эрдэнэт хот юм. Хүмүүс маш их завгүй ажиллаж байна. Тиймээс баярт мөчийг нь хуваалцаж, хялбарчлах үүднээс салбараа нээсэн байгаа.
  • Эрдэнэт хот танд ямар сэтгэгдэл төрүүлж байна?
  • Эрдэнэт бол үнэхээр гайхамшигтай. Эрдэнэтэд хэсэг хугацаанд байхад буцаад Улаанбаатар хотруу явах хүсэл төрөхгүй байна. Нэгдүгээрт түгжрэлгүй, хоёрдугаарт сайхан цэвэр агаартай байна. Хаашаа ч гарсан тав алхаа л агаарт гарчих боломжтой. Хүмүүс нь их тайван, ямарваа юманд уцаарлахгүй. Улаанбаатарт бужигнаад, түгжрээд юм болбол чигнаалдаад байдаг. Энд чигнаал дуугарч байхыг ер нь сонсоогүй дээ. Ирснээсээ хойш стресс маш багассан. Энэ нь Эрдэнэтийн давуу талууд гэж харж байна.
  • Залуу бизнес эрхлэгчийн хувьд тулгамдаж байгаа зүйл юу байдаг вэ? Ковид-19 халдварыг хэрхэн даван гарсан бэ?
  • Залуу хүний хувьд үргэлж суралцах хэрэгтэй, хөгжих хэрэгтэй. Учир нь бидний ард ажилчид минь байгаа, түүний ар гэр байгаа. Ковидын үед бол ажилчдынхаа нийгмийн асуудлыг зохицуулах үүрэгтэй байдаг учир ажилчдадаа ажилтай байлгах тал дээр чадах чинээгээрээ ажиллаа. Ковид бол дэлхий даяараа асуудал үүсгэсэн. Гэхдээ аливаад сайн зүйл байвал муу зүйл байж л байдаг. Муу зүйл байвал сайн тал байж л байдаг. Тиймээс онлайнаар бараа бүтээгдэхүүнээ борлуулж, хүргэлт хийх зэрэг шинэлэг санаанууд өгсөн.
  • Танай байгууллагын үнэт зүйл юу вэ?
  • Надад эцэг эхээс төлөвшүүлсэн зүйл бол нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө байдаг юм шүү. Өгч байж авдгийн хуультай адил ажилчидтайгаа нэгэн гэр бүл шиг ажиллах хэрэгтэй. Мэдээж бизнесийн байгууллага учир ашгийн төлөө байна. Гэхдээ олсон ашгаа хувааж авч, ажилчидтайгаа хамтдаа өсөн дэвжих хэрэгтэй гэдгийг зааж өгсөн. Тиймээс “Мөнхийн болор”, “Болор импекс”, “Болор катеринг”-ийн үнэт зүйл бол ажилчид. Дараа нь хүний биед ороод ид шид шиг сайхан шингэж өгдөг, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Чанараа үнэт зүйл болгох. Мэдээж хэрэглэгч нар минь бидний үнэт зүйл.  Үнэт зүйл бол олон. Манай хэрэглэгч нарийн дунд нэг буруу ойлголт байгаа нь хиамыг муу махаар хийдэг гэсэн бодол. Үүнийг би халахын тулд 2018 онд үйлдвэрээ нээлттэй болгосон. Хэрэглэгч нар идэж байгаа зүйлээ яаж бүтдэг гэдгийг  харах хэрэгтэй. Манай агуулах 500тн-ны зоорьтой.  Тарган үхрийн мах авч хадгалдаг. Мах чанартай байхгүй бол хиам амтгүй болдог. Зарим нэгэн байгууллагаас болоод энгийн ажлаа хийж байгаа байгууллагын нэр хүнд унах талтай. Тиймээс иргэд бүгдийг муу гэж шуурах бус ямар газраас юу авч идэж байгаагаа сайн мэдэж байх хэрэгтэй, судлах хэрэгтэй. Манайх чанарыг доошлуулахгүйн тулд үнэтэй материалаар үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хүмүүс үнэтэй байна гэдэг. Гэхдээ чанар дагаад үнэ гэдэгтэй адилхан манайх чанартай гэж ам бардам хэлнэ. Зарим нэг төөрөгдлийг арилгах гээд энэ тухай ярилаа./инээв/
  • Таны хувьд фэйсбүүк дээр өөрийн пэйж хуудсаа идэвхтэй хөтөлдөг. Бас гэрийн эзэгтэй нарт зориулан хялбар аргаар амттай хоол хийж, гэрийнхнээ дайлах аргыг зааж өгдөг. Яагаад сошиал орчинд өөрийн цахим хуудас нээн ажиллуулах сэдэл төрсөн бэ?
  • Болор катеринг пэйж хуудас нь 135 мянган дагагчтай. Үүний 85 хувь нь эмэгтэйчүүд, үлдсэн хувь нь эрэгтэйчүүд байдаг. Би өөрөө хоол хийх хоббитой гэрийн эзэгтэй. Манай үндсэн ажилчид бол мастер тогоочоос эхлээд мэргэжлийн тогооч нар байдаг. Тогооч нар тайлбарлахдаа мэргэжлийн олон хэллэг ашигладаг, технологийн дагуу хийдэг. Миний хувьд гарын доорх материалаар тансаг хоолыг хялбар аргаар хийх боломжтой шүү гэдгийг хүмүүст харуулахыг хүссэн учраас пэйж хуудас нээн ажиллуулж эхэлсэн. Үүнээс улбаалан өөрийн нэрийн жижиг хэмжээний контентыг хийж эхлээд 2 жил болж байна.
  • Цаашдаа хийхийг хүсэж байгаа зүйл болон зорилгынхоо талаар хуваалцаач
  • Миний цаашдын зорилго бол дотоодын зах зээлээс илүү гадаадруу өөрсдийн үнэт бүтээгдэхүүнээ нэмүүн өртөг шингээж экспортод гаргах. Тэр нь юу вэ гэвэл махаа шууд гаргах биш боловсруулаад гаргах, бүгд нийлж том үйлдвэртэй болох. Малаа өсгөөд гадаад худалдааг өргөжүүлж болно, заавал газраа ухах шаардлагагүй. Малын ноос ноолуурыг бүтээгдэхүүн болгох, малынхаа бүх зүйлийг үнэт зүйл болгох хэрэгтэй гэж бодож явдаг.
  • Залуустаа хандаж та юу гэж зөвлөмөөр байна.
  • Залуу үеүд хүч түрэн орж ирж байна. Залуус маш их бүтээлч, ажилсаг  байна. Гэсэн хэдий ч бүх компанид ажиллах хүч, хүний нөөц дутмаг байна.  Яагаад гэвэл манайхан бүгд дээд боловсролтой. Тиймээс ажилчин анги байхгүй.  Тэгэхээр би юу гэж уриалмаар байна гэвэл заавал дарга болох алба үгүй. Хүмүүс бодохдоо энэ захирал цалин тавьдаг гэж ойлгоод байдаг. Үнэндээ бол өөрсдийнх нь хийж бүтээж байгаа хөдөлмөр нь цалин болдог. Тэрийг ойлгох хэрэгтэй. Тиймээс аливаа нэг зүйлд дээд мэргэжил эзэмшихээсээ илүү хэрэгтэй мэргэжилтэн болох нь чухал. Иймээс мэргэжлээ зөв сонгох хэрэгтэй. өнөөдөр дээд мэргэжилтэй гэсэн хэрнээ мэргэжлээрээ ажилладаггүй хүн олон. Тэгэхгүйн тулд сайн мэргэжилтэн, ажилтан болох хэрэгтэй. Түүнчлэн тууштай байдал. Залуучууд нэг зүйл дээр алдахаараа өө би чадахгүй юм байна гэж шантардаг. Түүний оронд үүнийг л даваад гарчвал энэ цаашдаа сайн сайхан зүйлийн эхлэл болно гэж бодож, ойлгох хэрэгтэй. Залуус минь тууштай, зүтгэлтэй, сэтгэлтэй байгаарай тэгвэл бүх юм аяндаа бүтдэг шүү гэж захимаар байна.

About Post Author