2022 оны 8 сарын 11
19.6°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

ЗОГСОХ ЭРХГҮЙ УУРХАЙН “ЗОГСОЛТГҮЙ” МЭДЭЭЛЛИЙН УРСГАЛ

Хэвлэл мэдээллийн үнэ цэн

     “Мэдээллийн эрин зууны хүндэт иргэн” танд энэ өдрийн мэнд хүргэе! 

     Өглөө сэрмэгцээ хувийн цахим хуудсаа шалгаж, улс орон, дэлхий даяар өрнөж буй үйл явдалд чих тавьж болохуйц мэдээллийн урсгал дунд бид аж төрж байна. Технологийн хөгжлийн нэгээхэн хэсэг болох ухаалаг утас бидэнд ийм давуу тал өгсөн. Давуугийн хэрээр сул талууд ч олширсон, хөгжлөө дагаад хойшилсон ч зүйл ихтэй баян ба ядуу нийгмийн өнөөгийн дүр төрхийг цахимаас тольдоно. Энэ бол Монголын нэг өдөр.

     Цаг тутам өөрчлөгдөн хувьсаж буй өнөөгийн нийгэмд эрх чөлөө эдэлнэ гэдэг нь нэг талаараа “боомилох” гэсэн үйл үгтэй ч хоршиж мэдэх… Тиймээс нийгмээ маш соргогоор мэдэрсэн сэтгүүлчдэд тайз индэр ойрхон. Харин ганц л хазгай гишгэхэд хэдэн талаас “буух” чулуунд оногдох эрсдэлтэй нийгмийг нэг талаараа хэвлэл мэдээллийн хөгжил өөрөө бий болгож, “бойжуулсан” гэлтэй. Энэ олон талт хэвлэлийн дүр төрхийн өмнө “дагнасан” чиглэл редакцын бодлоготой хэвлэл мэдээллийн байгууллагууд цаанаа л бахархалтай.

     Сошиал цахим сүлжээ хэт хөгжсөнөөр олны анхаарлыг татах гэсэн, эсвэл олон дагагчтай хэн нэгэнд хэвлэлийн үүрэг гүйцэтгэх мэт ойлголт олны дунд цөөнгүй. Тиймээс энэ мэдээллийн олон талт урсгал, өрсөж мэдээлэх тэмцэл дунд оршихдоо ой тойндоо, харах нүдэндээ ямар зүйлийг мэлмийдэж, зүрхэндээ юуг хүлээж авах нь гагцхүү бидний сонголт юм. Иймийн тулд мэдээ мэдээллийг хүлээн авагч нь хэрсүү агаад шүүлтүүртэй байх нийгмийн шаардлага үүсэж байна. Энэ цаг үед мэргэжлийн редакцыг сонгон, тэдний бэлтгэсэн мэдээ мэдээллээр өөрсдийгөө цэнэглэх нь хамгийн зөв сонголт мэт. Түүхэн хөгжлийнхөө замналд аливаа салбар шав тавих, уналт босолт, ороо бусгаа гэх зэрэг олон өнгийн зам туулдаг. Өнөөгийн бидний туулж буй хэвлэл мэдээллийн салбарын одоогийн төрх нь мөн л адил түүх бичилцэх цаг хугацааны нэг голдирол. Тиймээс зарим нэгийг нь хүлээн зөвшөөрч, зарим нэгийг нь хүлцэн тэвчиж, өөр нэгнийг нь хөхүүлэн дэмжиж хоршин оршихоос өөр аргагүй билээ.

     Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдөр. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, тухайн салбарын хөгжлийг тольдох зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг. 

     2022 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Дижитал бүслэлт дэх сэтгүүл зүй” уриан дор сэтгүүлчдэд тулгарч буй дижитал аюул заналхийллийг онцолж, холбогдох бүх талуудаас хариу арга хэмжээ авахыг шаардах чиглэл дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Түрүүлж мэдээлэх гэсэн тэмцэл дунд өдөр бүр бид сэтгэл сэртхийлгэм мэдээ цахим хуудаснаас олж харж байна. Үүнийг дагасан аюул эрсдэл сэтгүүлчдэд ч, иргэдэд ч халтай. Тиймээс мэргэжлийн ёс зүйтэй мэдээлж, хүлээн авагчид нь мэдээ мэдээллүүдийг тэнцвэртэй хүлээж авахыг зорих нь зүй юм.

Зогсох эрхгүй хоёр салбарын хоршил 

     Салбар бүрд өөр өөрийн гэсэн онцлог бий. Монгол Улсын нийт ажиллах хүчний 4,4 хувийг эзэлж, ДНБ-ний 25%-ийг дангаар бүрдүүлдэг уул уурхайн салбар нь ЗОГСОХ ЭРХГҮЙ ажиллаж, бодит баялаг бүтээж, эх орны хөгжилд нэр төртэйгөөр хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Баяр наадам, бүх нийтийн амралтын өдөр гэхчлэн ямар ч онцгой үед мэргэжилдээ эзэн болж “ажилласаар” байдаг онцгой салбаруудын нэг бол хэвлэл мэдээлэл юм. Тиймдээ ч зогсох эрхгүй уурхайн мэдээллийн урсгал зам татуулж түүх бичсээр өнөөг хүрсэн. Сэдвээ дагнаж бүтээл туурвидаг цөөн хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэг нь Эрдэнэт үйлдвэрийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба юм. Байгуулагдсан цагаасаа эхлэн үйлдвэрлэлийн онцлог, уурхайчдын амжилтыг бүтээн байгуулалтын нүргээнтэй хамт олны мэлмий сонорт хүргэж, уурхайчин, иргэн хоёрын дунд ойлголтын гүүр болж явсаар өнөөдөртэй золгосон. Байгууллагын дэргэдэх, тэр дундаа уурхайн дэргэдэх хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь ихээхэн онцлогтой. Монгол Улсын эдийн засагт  уул уурхайн салбарын оруулж байгаа хувь нэмэр  их. Тэр дундаа Эрдэнэт үйлдвэрээс улс, орон нутгийн төсөвт оруулах хувь хэмжээ асар их. Энэ бүх мэдээллийг үнэн бодитоор хурдан шуурхай   мэдээлэх нь давуу тал юм. Уул уурхайн салбар өндөр үүрэг хариуцлагатай салбар. Хэвлэл мэдээллийн салбар ч мөн адил алдах эрхгүй зогсолтгүй үргэлжлэх мэдээллийн гинжин хэлхээг үргэлжлүүлэхэд чиглэсэн үндсэн үүрэгтэй. Ингэж зогсох эрхгүй 2 өөр салбар нэг нэгэнтэйгээ хоршин оршиж, нэг нэгнээ дэмжин ажиллаж байна.

Эрдэнэтийн уурхайн хэвлэл мэдээлэл

     Эрдэнэт үйлдвэрийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба нь уурхайн дуу хоолой болсоор даруй 35 жилийнхээ түүхэн ойтой золгоод байна. “Рабочные слава” буюу “Ажилчны үг” сониноор уурхайн ажилчдын үгийг дайж байсан хэвлэл мэдээллийн байгууллагын эхлэл тэртээ 1987 оноос эхлэлтэй. Хүншүүлбээс, ид хийж бүтээх насан дээрээ яваа түүхтэй, бас туршлагатай нэгэн. Дээр дурдсанчлан түүнд онцлог их. Хорь хүрэхгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр уурхайн мэдээллийг онцлон хүргэх “Эрдэнэт” телевиз, 7 хоног тутмын “Өнөөгийн Эрдэнэт” сонин, “Эрдэнэт долгион” ФМ-107.1 радио, www.erdenettoday.mn цахим хуудас гэсэн мэдээллийн дөрвөн хэрэгслээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд бүгд ургах нартай уралдан уурхайчдын амжилтыг нэхэн сурвалжилна. Урт өдөр дуусаж өдрийн нар буухтай зэрэгцэн ажлаа дуусаж, өөрийн ажил мэргэжил уурхайчдынхаа бүтээсэн бүхнээр бахархах нь ажлын нэг өдрийн дүр зураг. Үйлдвэрийн хэвлэлийн албаны бүрдэл хэсэг болсон реакциудын онцлог, сэтгүүлчдийн ажлын ялгааг тодруулан сийрүүллээ:

Радио, телевизийн редакцын “радио”-ийн сэтгүүлч А.Бямбамаа:

-Эрдэнэт үйлдвэрийн “Эрдэнэт долгион” ФМ – 107.1 радиод сэтгүүлч, хөтлөгчөөр тасралтгүй 23 дахь жилдээ ажиллаж байна. Уулыг нүүлгэх ухааны тэнхээтэй уурхайчид, баяжуулагчидтайгаа ургах нарнаас урьтаж мэндчилэн шинэхэн мэдээ мэдээлэл, өөрийн бэлтгэн хөтөлдөг нэвтрүүлгүүдээрээ цэнхэр долгионоор дамжуулан өглөө бүр мэндчилдэгтээ их баяртай байдаг. Уул уурхайн салбарын дэргэдэх радиод ажиллахын онцлог давуу тал олон. Өглөө бүр ажилдаа явах уурхайчдадаа нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэн ажиллах тухай заавар зөвлөгөө өгч мэдээ мэдээллээр хангаж, аюул эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг уриалан сурталчилдаг 5А зарчмыг таниулахын тулд зорилго тавин ажилладаг. 

Мэдээллийн редакцын “сонин”-ы сэтгүүлч Я.Энхтуяа:

-Би Эрдэнэт үйлдвэрийн “Өнөөгийн Эрдэнэт” сонинд  19 дэх жилдээ сэтгүүлчээр ажиллаж байна. Манай сонин 35 жилийн өмнө “Ажилчны үг” нэртэйгээр анх хэвлэгдсэн цагаасаа Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, он цагийн түүхийг бичсээр ирсэн. Мөн Монголын уул уурхайн салбарын томоохон төв болсон Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч шилдгүүдийн  хөдөлмөр бүтээлийг түмэн олонд сурталчлан таниулах хүндтэй үүрэг биднийх. Хэдийгээр цахим орчин өдрөөс өдөрт хөгжиж, олон нийтийн хэрэглээ болсон ч гарт баригдаж, түүх болон үлдэх бодит мэдээллийг түгээгч, эх сурвалж иргэн хоорондын гүүр болох нь сонины сэтгүүлчийн онцлог юм. Он цагийн дахин давтагдашгүй үйл явдал, амжилт бүтээл, алдаа оноог сониныхоо шарласан хуудсанд мөнхөлж яваагаараа бахархдаг. 

Мэдээллийн редакцын “сайт”-ын сэтгүүлч М.Балжинням:

-Миний хувьд хэвлэл мэдээллийн салбарт 1996 оноос хойш ажиллаж, одоогоор сайтын сэтгүүлчийн үүргийг гүйцэтгэж байна. Хором мөчөөр хэмжигдэх мэдээллийн зуунд Эрдэнэт үйлдвэрт юу өрнөж, уурхайчид юу бүтээж байгаа, тэдний аж амьдрал ямар байгаа талаар цаг алдалгүй мэдье гэвэл манай цахим хаягаар зочлоход хангалттай. Хариуцлагатай уул уурхайн жишиг бүтээж байгаа Эрдэнэт үйлдвэрийн ахиц амжилтыг цаг алдалгүй олон нийтэд үнэн зөвөөр хүргэхэд сэтгүүлч бид хурдтай бөгөөд хариуцлагатай байх шаардлагатай. Учир нь бид уул уурхайн салбар, тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийн талаар хамгийн үнэн зөв, баттай эх сурвалжийн мэдээллийг сайтаараа дамжуулан хүргэх үүрэг хүлээдэг. Цахим мэдээллийг хэн ч хаанаас ч авах боломжтой өнөө цаг үед зогсох эрхгүй уурхайн мэдээ мэдээллийг зогсолтгүй үйлдвэрлэж байгаа нь бидний онцлог юм. Мэргэжлээ дагаж мэргэшнэ гэдэг шиг уурхай дагасан хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид УУРХАЙЧИН СЭТГҮҮЛЧ болж дагнан мэдээлж мэргэшсэн байдаг. Энэ ч утгаараа мэргэжилдээ хайртай байх шалтгаанууд үйлдвэрийн амжилт уурхайчдын хөдөлмөртэй сүлэлдэж байдаг билээ. 

Радио, телевизийн редакцын “телевиз”-ийн сэтгүүлч У.Цэрэнбат:

-Намайг Ууганбаярын Цэрэнбат гэдэг. Би Эрдэнэт үйлдвэрийн “Эрдэнэт” телевизэд 13 дахь жилдээ ажиллаж байна. Манай ТВ нь хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээс уул уурхайн мэргэшсэн гэдгээрээ онцлогтой. Бид Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын ажил үйлс, амжилт бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах үүрэгтэйгээс гадна уурхайчдын дунд эв нэгдэл, эерэг хандлагыг бий болгож, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах үүрэг хариуцлага хүлээдэг. Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Сэтгүүлч гэдэг мэргэжил биш. Энэ бол амьдрах хэв маяг, донж, эр зориг, эрх чөлөө гэж боддог. Энэ философийг ойлгож байж Монголын сэтгүүлзүй үүргээ гүйцэтгэнэ.  

     Мэргэжлийн ёс зүйгээ эрхэмлэн иргэдийнхээ мэдэх эрхийн төлөө ажиллаж буй сэтгүүлч бүхний баярын өдөр өнөөдөр тохиож байна. Улс эх орны өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж яваа уурхайчдын дуу хоолой болсон уурхайн сэтгүүлчдийн онцгой өдөр. 

     Зогсох эрхгүй хэвлэл мэдээллийн салбарын эд эс болсон эрхэм сэтгүүлчдэдээ “ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР”-ийн мэнд хүргэж, энэ нийгмийг байлдан дагуулах “ёс зүйн хэмжээст” их үйлсэд нь амжилт хүсье!

Сэтгүүлчдийн үг нь үнэн, үзэг нь хурц байг…

About Post Author