Өнгөрсөн оны 11-р сараас хойш БОЭТ-ийн Хүүхдийн тасагт томуу, томуу төст вирусээр өвчилж буй хүүхдийн тоо буураагүй гэж хэлж болно. Тус тасаг нь 50 хүүхдийн ортой. Урин дулааны цаг ирж байгаа энэ үед хүүхдийн өвчлөл буурдаг хэдий ч өнөөдрийн байдлаар тус тасагт 130 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
“Улирлын чанартай томууны өвчлөл буурах цаг болоогүй байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн томууны нэгжийн гаргасан судалгаанаас харахад синцентиаль вирусийн тархалт өндөр байна. Энэ вирус маш өндөр халуурдаг, 0-5 насны хүүхэд хатгалгаа болж хүндэрдэг онцлогтой. Намар 9 дүгээр сараас эхлээд өвлийн 12 дугаар сар хүртэл үргэлжилдэг томууг бид өвлийн томуу гэж нэрлэдэг. Мөн цагаан сарын дараагаас 5 дугаар сарыг дуустал хаврын томуу үргэлжилдэг гэж Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Нарангэрэл мэдээлсэн.

Хүүхдийн өвчлөл буурахгүй байгаа тул эцэг эхчүүд хүүхдүүдээ улиралд нь тааруулж хувцаслах нэн шаардлагатай байна. Цаг агаарын хувирамтгай байдлаас улбаалан хүүхдийн хувцсыг хэт нимгэлж болохгүй. Мөн бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг анхааруулж байна. Мөн ӨЭМТ-ийн эмчдээ үзүүлж анхан шатны эмчилгээгээ цаг алдалгүй хийлгэх хэрэгтэй. Хүүхдийн тасагт хүнд хэлбэрийн томуутай, хэвтэх заалттай хүүхдүүд их ирж байгаа учир хөнгөн хэлбэрийн томуутай хүүхэд ирээд хүнд төрлийн томуу хүрэх магадлал өндөр. Мөн дур мэдэн хүүхдээ эмчлэхгүй байх, ардын уламжлалт аргаар дархлааг нь дэмжихийг Орхон аймгийн БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн эмч М.Уртнасан анхаарууллаа.

Хамааралтай мэдээ
Баяр наадмын өдрүүдэд иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн гурван чиглэлд түр маршрут баталлаа
Орхон аймгийн баяр наадмын хөтөлбөр
Тугалчин бор хүүгийн мөрөөдөл биелжээ