2022 оны 8 сарын 11
19.1°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг танилцууллаа 

Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн 2021 оны тайланг танилцууллаа 

Аймгийн Засаг даргын зөвлөлийн 13 дахь удаагийн хурал хуралдаж өндөрлөлөө. Хуралдаанаар “Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн 2021 оны тайлан, аймгийн 2022-2025 онд хэрэгжүүлэх дунд хугацааны “Орон сууцны хөтөлбөр”, төр хувийн хэвшлийн түншлэлээр Орхон аймагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх журам, Засаг даргын дэргэдэх захиргааны байгууллагуудын 2021 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгийн талаарх танилцуулга, бусад гэсэн 5 асуудлыг хэлэлцлээ. 
       Засаг захиргааны анхан шатны нэгж болох багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр Орхон аймагт 2021 оноос дахин хэрэгжиж байгаа юм. Тус хөтөлбөр нь багийн хөгжлийг дэмжиж төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, багийн үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх зэрэг зорилготой. 
         Нийт 4 зорилт, 15 багц ажлыг хийхээр төлөвлөсөн ба  биелэлт 91 хувьтай  байгааг ТЗУХ-ын дарга Ш.Ганболд танилцууллаа. 
Өнгөрсөн онд Говил, Баянцагаан багийн цогцолбор төвийг ашиглалтад оруулсан бөгөөд үүнд улсын төсвийн 4,1 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин энэ онд Зэст, Яргуйт багийн цогцолбор төвийг ашиглалтад оруулах бөгөөд барилгын ажил 60-80 хувьтай үргэлжилж байна. 
        Орон нутгийн төсвийн 47.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Өндөр, Жаргалант сумын 25 багийн зохион байгуулагчдыг суурин компьютероор, орон нутгийн хөгжлийн сангийн 34.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зэст, Эрдэнэ, Говил, Баянцагаан багуудын Иргэний танхимыг шаардлагатай эд хогшлоор хангаж ажиллах орчин нөхцөлийг сайжруулсан байна. 
Мөн Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Даваат багийн Аялгуу соёлын төвийн барилгыг нэгдүгээр сард ашиглалтад оруулсан ба нэг  тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий Наран багийн Соёлын төвийн барилгын ажил 82 хувийн гүйцэтгэлтэй явж байна. 
        Түүнчлэн  багийн ажлын албыг сургалтад хамруулах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах,  иргэдэд зээл, дэмжлэгт хэрхэн хамрагдах сургалтыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллажээ. 

        Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал багт ажилладаг хэсгийн ахлагч нарын нийгмийн асуудлыг анхаарч үзэх хэрэгтэйг санууллаа. Учир нь аймгийн хэмжээнд 25 багт 100 гаран хэсгийн ахлагч ажилладаг. Эдгээр хүмүүс 2016 оноос өмнө нийгмийн даатгал төлөгдөөгүй байгаа нь тэтгэвэр тогтоолгох, зээлд хамрагдах боломжгүй байдаг ажээ. Иймд ирэх жилийн төлөвлөгөөнд энэхүү асуудлыг анхаарч үзэх хэрэгтэй гэсэн юм. 

About Post Author